Жолооч цэнэглэгч системийн нөхцөлийг 3 аргаар мэдэж болно. Үүнд индикаторын чийдэн, амперметрийн заалт, вольтметрийн заалт.
Ихэнх индикаторын чийдэн потенциалын ялгаан дээр ажилладаг. Хэрэв генераторын гаралт батарейн хүчдэлээс бага бол потенциалын ялгаа үүсэж чийдэн асна. Хэрэв генераторын трио диодоор гүйдэл гарч ирэхгүй бол TR1 транзистор нээгдэж газартай холбосноор индикаторын чийдэнгийн хэлхээ битүүрч асах болно.
Ихэнх системд хөдөлгүүр асахаас өмнө түлхүүрийн байрлал RUN байрлал байгаа үед индикатор нь анхааруулах дохио болон хэрэглэгдэнэ. Энэ үйл ажиллагаа хэвийн байгааг илтгэнэ. Ротор эргээгүй үед статорын гаралтад юу ч байхгүй байгааг энэ харуулна.
Зарим үйлдвэрлэгчид индикаторын чийдэнгийн оронд амперметр суурилуулсан байдаг. Амперметрийг генератор болон батарейн хооронд цуваа холбож өгнө.
Амперметрийн заалт цэнэглэгчийн ялгаатай нөхцөлүүдийг харуулна. Хэрэв цэнэглэгч систем хэвийн ажиллаж байвал заагч ердийн байрлалд байна. Хэрэв цэнэглэгч систем хангалттай гүйдэл гаргаж чадахгүй бол амперметрийн заагч батарей цэнэгээ алдаж буйг харуулна. Харин цэнэглэгч систем их хэмжээний гүйдэл гаргаж батарейг цэнэглэж байвал амперметрийн заалт батарейг цэнэглэж байгаа тал уруу илүү ихээр хазайх болно. Хөдөлгүүр ассаны дараа ингэж заах нь хэвийн үзэгдэл байна. Учир нь хөдөлгүүр асах үед батарей цэнэгээ нэлээд хэмжээгээр алдсан байдаг тул түүнийг их хэмжээний гүйдлээр түргэн цэнэглэх шаардлага гардаг. Батарей цэнэглэгдсэний дараа амперметрийн зүү дундын байрлал уруу багасах ба энэ үед генератор ердийн хэрэглээний гүйдлийг гаргах болно.
Амперметрийн заалтыг унших нь зарим хүмүүст төвөгтэй байдаг учраас вольтметрийг илүү ашиглана. Хөдөлгүүр асах үед вольтметр 13.2-15.2 В заах нь хэвийн гэж үзнэ. 13.2 В-оос бага зааж байвал батарей цэнэгээ алдаж байна гэж үзнэ. 15.2 В-оос их заах юм бол батарей хэт их хүчдэлтэй гэж үзнэ. Батарейг энгийн цэнэглэхээс илүү хурдтай цэнэглэх үед түүнийг гэмтээж болно. Орчин үеийн систем нь батарейн хүчдэлийг тогтмол хянаж уг мэдээллийг PMC дээр хүлээн авч байдаг.