2020/05/18

101-1. Цахилгаан соронзон мотор

Тогтмол гүйдлийн мотор нь соронзон орны үйлчлэлээр цахилгаан энергийг механик энерги болгон хувиргана. Соронзон орны хүч нь N хойд туйлаас S өмнөд туйл уруу чиглэнэ. 



Хэрэв дамжуулагчийг соронзон орон дотор байрлуулах юм бол соронзон орны хүчний шугам нь зурагт үзүүлсний дагуу эвдэрч өөрчлөгдөнө. Энд соронзон орон хүчний шугам эвдэрч дамжуулагчийн зүүн талд илүү хуйлрал үүсгэн нягтарч харин баруун талд нь соронзон хүчний шугам илүү сийрэг болж буйг зургаас харж болно. Үүнээс болж соронзон орон нь илүү нягтарч буй талаасаа сийрэг тал уруугаа дамжуулагчийг түлхэж түүнд үйлчилнэ.


Ингэж дамжуулагчийг хүчтэй соронзон оронд оруулах үед соронзон орны хүчний шугамд өөрчлөлт орж дамжуулагчийн нэг талд соронзон орны хуйлрал үүсэн илүү нягтарч харин эсрэг талд нь соронзон орны хүчний шугам сийрэг болж улмаар дамжуулагчийг соронзон орны хүчний шугам илүү хуйларч нягтарсан талаасаа сийрэг тал уруу нь түлхэж үйлчилнэ. Энэ зүй тогтлыг ашиглаж соронзонг ашиглан цахилгаан энергийг механик энерги болгон хувиргадаг.


Энгийн цахилгаан соронзон моторыг зурагт харуулав. Дотор талд байгаа ороомгийг якорь гэнэ. Якорь нь моторын хөдлөх хэсэг бөгөөд төмөр голыг ороосон дамжуулагчаас тогтсон байна.


Гадна талд нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн оронгийн ороомог байрлана. Уг ороомгийг хатуу зэс утсаар төмөр голыг ороож уг зэс утсаар цахилгаан гүйдэл гүйлгэхэд хүчтэй соронзон орон үүсэж байхаар хийнэ.Үүний тусламжтайгаар хүчтэй соронзон орон үүсгэнэ.


Ингээд якорь ба гадна талын оронгийн ороомгоор хоёулангаар нь гүйдэл гүйлгэх үед хойд туйлаас өмнөд туйл уруу чиглэсэн соронзон урсгал үүснэ. Энэ соронзон урсгалын дагуу соронзон хүч үйлчилж якорийн 2 үзүүрийг эсрэг чиглэлд түлхэж өгнө. Соронзон урсгал доторх якорийн байрлалаас болж соронзон урсгалын хүч хаана илүү нягтарч байна тэр талаасаа түлхэж өгөх ба ингэхдээ якорийн 2 үзүүрийг эсрэг чиглэлд түлхэж өгснөөр якорийг эргүүлнэ.


Гэвч якорь энэ үед хагас эргээд тэнцвэртэй байрлалд ордог. Энэ цэгийг якорийн статик нейтрал байрлал хэмээн нэрлэнэ. Якорийг тасралтгүйгээр эргэлдүүлж хөдөлгөхийн тулд энэ байрлалд оронгуут нь гүйдлийн чиглэлийг эсрэгээр нь сольж байх хэрэгтэй. Ийм зорилгоор коммутаторыг якорийн төгсгөлд гүйдэлтэй холбогдох хэсэгт нь хийж өгдөг. Энэхүү коммутаторын бүтцийг ашиглан якориор гүйх гүйдлийг чиглэлийг якорь статик тэнцвэртэй байрлалд оронгуут нь эсрэг тийшээ нь сольж өгдөг байна. Коммутаторын хэсэгт нүүрсэн электрод (сойз буюу шойтко гэж бид нэрлэдэг)-ыг ашиглан цахилгаан гүйдлийг якорь уруу дамжуулна.


Ингэж хөдөлгөөнгүй байгаа статик соронзон орон дотор якориор гүйх гүйдлийн чиглэлийг коммутатор болон шойтконы тусламжтайгаар сольж якорийг соронзон орон дотор тасралтгүйгээр эргэлдүүлэх болно. Зурагт машины асаалтын системд хэрэглэгддэг энгийн моторыг үзүүлэв.